top of page

Хэрхэн СV гээ хэрхэн бичих вэ ?

Аливаа ажил албанд ороход, өргөдөл гаргаж маягт бөглөхөд байгууллага компаниуд хамгийн түрүүнд өөрийн чинь CV-г нэхдэг. Монголд төрийн албан хаагчийн маягт гээд бэлэн албан бланк бөглүүлдгийг санаж байна. CV түүнтэй төстэй, агуулгаараа ойролцоо хэдий ч яг сайн ярьвал маш нарийн хийгдэх ёстой албан баримт юм. Сүүлийн үед гадаад гэлтгүй монгол дахь албан байгууллага, компаниуд хүмүүсийг ажилд авахдаа CV-г англи хэл дээр шаарддаг болсон учир шинээр ажилд орох гэж буй шинэхэн төгсөгчид, ажлаа солих гэж байгаа хүмүүст зориулан Англи хэл дээр CV яаж бичих талаар дэлгэрэнгүй зөвлөгөөг хүргэе…

CV гэж ер нь юу юм бэ?

CV гэдэг нь “curriculum vitae” гэсэн үгний товчлол юм. Энэ үг анх латин хэлнээс гаралтай бөгөөд шууд үгчилбэл “амьдралын намтар” гэсэн утгатай юм байна.

CV гэдэг чи өөрийгөө бусдад сурталчлах маркетингийн нэг хэрэгсэл юм. Аливаа нэг ажилд ороход тухайн компани байгууллагын аль нэг албан тушаалд чи хэр тохиромжтойг, мөн өөрийн туршлага, ололт амжилтаа маш товчхон харуулах боломжийг CV олгодог. Өөрөөр хэлбэл CV бол ерөөсөө л чиний боловсрол, ажлын туршлага, ур чадварын хураангуй баримт юм. Энэ баримтын зорилго бол чамайг дараагийн алхам болох ярилцлаганд уригдахад оршино.

CV-г анхлан бичихдээ нөгөө хүн чамтай анх удаа танилцаж байгаа гэдгийг сайн санах хэрэгтэй. Анхны сэтгэгдэл болгон маш чухал байдаг. Тиймээс үүнд ихээхэн ач холбогдол өгөх нь чухал. Чиний CV-г хараад л, хэдхэн хормын дотор чи хэр их анхаарал хандуулж, сэтгэл гаргаж бичсэн байна вэ, мөн ажил хайлтыг хэр чухалчилж байгаа вэ гэдгийг мэдэхэд амархан. Тиймээс CV чинь чамайг хэн болохыг 1-2 нүүрэнд тодорхойлно гэсэн үг. Ажилд авч байгаа хүний нөөцийнхөн бол CV-г үг бүрчлэн уншаад байдаггүй. Олон зуун материал нэг дор харах учраас тэд өнгөцхөн гүйлгэж л харна. Тэр мөчид чиний CV бэлтгэгдсэн байдал болон дотрох агуулгаараа “намайг үзээч” гэсэн үзэмжтэй, анхаарал татаж ялгарах ёстой.

CV-г өөрөөр англи хэл дээр “resume” гэж бас ярьдаг. Энэ хоёрын ялгаа нь агуулга болон хэмжээгээр л өөр байдаг. Resume гэдэг нь нэгээс хоёр хуудас, маш товч, өөрийн чинь тухай гол гол мэдээллийг агуулсан байдаг. Ерөнхийдөө холбоо барих мэдээлэл, боловсрол, ажил гэсэн хэсгүүдээс л бүрдэнэ. Зай багтаамж нь байвал үүн дээр нэмээд “Personal Information” (Хувийн Мэдээлэл), “Additional Skills” (Бусад Ур Чадварууд) гэх мэтчилэн нэмж болно.

CV нь бол арай урт хэмжээний, илүү олон хэсэгтэй, хоёроос эхлээд хамгийн ихдээ 6 хуудас байж болно. Үүндээ хичээлийн судалгааны талаар дэлгэрэнгүй, авч байсан тэтгэлгүүд, эрхэлж байсан хэвлэлүүд зэргийн талаар арай дэлгэрэнгүй дурьдаж болно. Америкаас гадна зарим орнууд төрсөн он сар, хүйс, гэр бүлийн байдлаа бичсэн байдаг. Миний бодлоор энэ нэг их шаардлагагүй л санагддаг.

Тэгэхээр CV хэрэглэх үү, resume хэрэглэх үү гэж эргэлзэж магадгүй. Тэр бол 100% тухайн нөхцөл байдлаас шалтгаална. Чи ямар салбарын байгууллагад ажилд орох гэж байгаа, өөрийн чинь ажлын туршлага, болон газарзүйн байрлал гэх мэт олон зүйлийг харгалзаж түүндээ тохирсоныг нь хийнэ. Энэ талаар бүр нарийн зөвлөгөө байгаа боловч хэтэрхий дэлгэрүүлж бичмээргүй байна.

Үүнээс цааш би CV гээд явчихъя.

CV-г бичихдээ формат, агуулга, үзэмж гэсэн гурван зүйл дээр анхаарах ёстой. Чамайг ажилд авах гэж байгаа хүний урд зөвхөн чиний CV байгаа гэж эндүүрч болохгүй. Зуу зуун цаасан дунд чинийх бас адил нэгэн цааш болоод л хэвтэж байгаа. Тиймээс чи тэр дундаас өөрийнхийгөө ялгартал CV-гээ бичих ёстой гэдгийг дахин хэлье.

Агуулга

Агуулга нь чи тэр 1-2 нүүрэн дээр ямар мэдээлэл багтаах гэж байгааг хэлж байгаа юм. Үүнд өмнөх ямар ажлын туршлага, болон бусад мэдээллийг оруулах вэ гэдэгтээ эргэлзэж байвал хамгийн гол нь ажилд орох гэж байгаа байгууллагадаа нийцүүлэх хэрэгтэй гэдгийг сана. Тэгэхээр чи ганцхан төрлийн ажил хайгаагүй бол тухайн байгууллага бүрт тохирсон олон хувилбарын CV-тэй байна гэсэн үг.

CV нь өөрөө олон янз бичигддэг хэдий ч дараах үндсэн 3 мэдээлэл бол зайлшгүй байх ёстой гэж үздэг.

Contact Information (Холбоо барих мэдээлэл):

Зайлшгүй байх:

Нэр

Одоогийн холбоо барих мэдээлэл болох шуудангийн хаяг, утасны дугаар, имейл хаяг

Нэмэлтээр байж болох:

Иргэншил

Түр болон байнгын оршин суудаг хаяг

Education (Боловсрол)

Зайлшгүй байх:

Магистрын болон баклаврын боловсрол

Авсан зэрэг, хөтөлбөрийн нарийвчлал, судалгааны сэдэв, авч байсан тэтгэлэг, эхэлж дууссан (төгсөөгүй бол дуусах) хугацаа

Голч оноо буюу GPA (гэхдээ энэ нь санхүү болон консалтын чиглэлээр ажиллах хүсэлтэй хүмүүст нарийн хардаг бололтой. Ерөнхийдөө ажлын байрны шаардлагаас л хамаарна)

Нэмэлтээр байж болох:

Хамрагдаж байсан тусгай сургалт, хөтөлбөрүүд, түүнээс авч байсан сертификат

Сургуулийнхаа аль нэг бүлэг, байгууллагад лидершип алба хашиж байсан эсэх

Гадаадад сурч байсан эсэх

Experience (Ажлын туршлага)

Зайлшгүй байх:

Өмнө нь эрхэлж байсан ажлууд

Орох гэж буй ажилтай чинь хамаатай цагийн ажлууд

Орох гэж буй ажилтай чинь хамаатай байж болох дадлагын ажлууд

Дээрх ажиллаж байсан байгууллагуудын нэр, ажиллаж байсан хугацаа, байршил, ажлын томилгоо болон түүний салбар

Тухайн үүрэг бүрт оногдож байсан хариуцлага, түүндээ гаргасан амжилт

Нэмэлтээр байж болох:

Хамааралтай хийж байсан сайн дурын ажил

Нэмэлтээр байж болох мэдээлэлийг товч тайлбарлавал:

Languages (гадаад хэл мэддэг бол түүнийг хэр хэмжээнд мэддэг гэдгээ. Үүнийг илэрхийлэхдээ native, fluent, proficient, working knowledge гэж товч хэлж болно)

Personal (хувийн мэдээлэл-Үүнд иргэншил, болон ажлын зөвшөөрөл, гадаадад ажилласан байсан эсэх)

Activities (янз бүрийн лидершип арга хэмжээнд оролцсон, хувь нэмэр оруулсан, ажлыг гардаж хийсэн талаар)

Publications (ном хэвлэл эрхэлж гаргаж байсан бол түүнийхээ талаар)

Presentations (олон улсын том хурал, чуулганд илтгэл тавьж байсан эсэх)

Honors or awards (өрсөлдөөнт тэтгэлэг, шагнал авч байсан эсэх)

Community involvement or volunteer positions (Нийгмийн сайн дурын ажилд оролцож байсан эсэх)

Professional activities (мэргэжлийн байгууллага, зөвлөл холбоодын гишүүн бол түүнийгээ)

Teaching experience (Багшийн ажилд өрсөлдөж байгаа бол ямар сэдэв, ямар оюутнуудад, хэдий хугацаанд зааж байсан)

Research experience (их сургууль, судалгааны ажилд өрсөлдөж байгаа бол өөрийн хийж байсан судалгаа, судалгааны сэдэв, арга барил, судалгаа чинь хэвлэгдсэн бол түүнийхээ талаар)

References (чиний талаар асууж холбоо барьж болох 3-5 хүний нэр, холбоо барих имейл жагсаана. Энэ нь ихэвчлэн хамгийн сүүлд ордог эсвэл оруулахгүйгээр хасаад “References provided upon request” гээд орхиж болно)

Англи хэл дээр CV бичихийн тулд мэдээж дээд зэргийн мэргэжлийн үг хэллэг байх ёстой. Жишээлбэл чи судалгаа хийсэн бол “I did research on XYZ” гэхгүй “I conducted research on XYZ”. Тиймээс тухайн ажлаа нарийвчлан тайлбарлахын тулд дараах үйл үгнүүдээс тохируулан сонгож болно. Утгыг нь ойлгохгүй бол тольноос харж байгаад оновчтойг нь сонгоорой.

Featured Posts
Check back soon
Once posts are published, you’ll see them here.
Recent Posts
Archive
Search By Tags
No tags yet.
Follow Us
  • Facebook Basic Square
  • Twitter Basic Square
  • Google+ Basic Square
bottom of page